• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАРГА Д.МӨНХБААТАР ЭРДЭНЭСАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА
Цаг агаарын ноцтой үзэгдэл, цасан шуурганы улмаас хүндрэл үүсээд байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэсант суманд ажиллалаа. Тус суманд аймгийн Онцгой комисс, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Зэвсэгт хүчний 120, 014 дүгээр анги, сумын албан хаагчдаас бүрдсэн 72 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Нийт нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан 34 см байна. Тус сумын таван багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгүүд гарч цасанд боогдсон замыг нээх, шинээр зам гаргах, холбоо тасарсан өрхөд хүрч очих, өвөлжөөндөө бууж амжаагүй айл өрхийг нүүлгэх, малыг нь тууж цаснаас гаргах, цасанд суусан автомашинуудыг татан гаргах, эвдэрсэн тээврийн хэрэгслийг засаж янзлах ажлыг өдөр бүр байгаа аж. Аймгийн Онцгой комиссоос Эрдэнэсант сумын хамтарсан хоршоонд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгож хээрийн бой гарган мах бэлтгэх ажлыг зохион байгуулж Лүн сумын махны үйлдвэрт нийлүүлэхээр боллоо. Тус үйлдвэр цаг үеийн байдалтай уялдуулан Улаанбаатар хотод худалдаалагдаж буй махны үнээс өндөр үнээр авах юм. Мөн өвс, тэжээл болон 100 тонн нүүрс, түлээний дэмжлэг үзүүллээ.

 

2023-11-10 14:00:00