• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНЧАНДМАНЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ЯМАР Ч ХЭЛБЭРИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цахим үйлчилгээний ажилтан” шинэ мэргэжлийн ангийг Баянчандмань Политехник коллежид нээлээ. Уг анги нь ямар ч хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сургаж, төгсгөх боломжтой гэдгээрээ онцлогтой. Тухайлбал харааны бэрхшээлтэй суралцагчдад зориулсан том үсэгтэй, тод шар өнгийн компьютерын гар болон дэлгэц уншигч програм хангамж, хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад зориулсан mouse /хулгана/, хоёр гар байхгүй ч толгойгоо ашиглан “GlassOuse”-ийг энгийн нүдний шил шиг зүүгээд гар утас, компьютер, таблет, ухаалаг ТВ-тэй Bluetooth-ээр холбоод хүссэнээ хийх боломжтойг онцолж байсан юм. Төв аймгийн хэмжээнд нийт 3300 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлж аймгийн хэмжээнд 4 сургууль, 3 цэцэрлэг, ЭМГазарт хүүхэд хөгжлийн танхимыг байгуулан орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаа явуулж байна. Манай аймагт сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66 хувь буюу 285 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Эдгээр хүүхдүүдтэй ажиллаж байгаа боловсролын бүх шатны байгууллагын 34 багшид ажлын үр дүнг нь үндэслэн нэмэгдэл хөлс олгож байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд дэмжих хөтөлбөрт 18 иргэнийг хамруулан 131 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 1025 ажлын байр шинээр бий болголоо. Аж ахуй эрхлэлтийн зээлийн дараах сургалтад 15 иргэнийг хамруулаад байна. Аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжилтийг нь шийдвэрлэж аймгийн төвийн гурван уулзварт хараагүй иргэдэд зориулсан дуут дохиог суурилуулсан бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байсан байрны асуудлыг шийдвэрлэж, “Аз жаргалын өргөө” төвийг байгуулаад байгаа юм. Мөн “Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна.

 

2023-11-10 10:00:00