• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСАД МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Хүн амын хүнсний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэд болсон үе үеийн малын эмч, мал зүйч, зоо техникч нар чуулж, Монгол улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржлийн алба бие даан үүсэж, мэргэжлийн байгууллага болон хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн, баярын хурлын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын хуралд УИХ-ын гишүүд, аймгийн удирдагууд, сумдын мал эмнэлэг, үржлийн албаны салбарт ажиллаж байсан үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо. Анх Сонгины мал эмнэлгийг 1923 онд улс худалдан авснаас эхлэн Да хүрээний мал эмнэлгийн дэргэд 14 дүгээр зэргийн түшмэл цолтой Котольников хэмээх орос бага эмчийг Богд хааны мал эмнэлгийн хороог аймагт харьяалуулан ажиллуулснаар Төв аймгийн мал эмнэлгийн салбар үүсэн байгуулагдаж, улмаар 1931 онд аймгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн 36 сум, 312 багтай, удирдах дээд байгууллага нь “Аймгийн яам” гэдэг нэртэй болсон бөгөөд аймгийн яаманд 1934 оноос “МАА-н хэлтэс” байгуулагдан ажиллаж эхэлжээ. Төв аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуйн үлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулан, өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдэрлэж, дотоод, гадаадын зах зээлд гаргах зорилгоор газар нутгийн онцлогт тохируулан мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, мах үйлдвэрлэлийн бүс, жимс жимсгэнэ таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон хөгжүүлж байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэж, улсдаа эрчимсэн мал аж ахуй эрхлэгчдийн тоогоороо тэргүүлсэн амжилт үзүүлсэн билээ. Түүхэн 100 жилийн хугацаанд тус салбараас Гавьяат цолтон 5, Төрийн дээд шагналаар 400 гаруй малын эмч, мал зүйч нар шагнагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 170 гаруй ажилтан ажиллаж байна. Баярын хурлын үеэр салбарынхаа хөгжлийг хангах их үйлсэд өөрийн оюун ухаан, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа зарим албан хаагчдад Төрийн дээд одон, медаль, аймгийн шагнал, салбарын шагналуудыг гардуулан өглөө.

 

2023-09-27 09:00:00