• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД СУМЫН "ДЭГДЭЭХИЙ ЦЭЦЭРЛЭГ"-ИЙН "ХУУЛИА ДЭЭДЛЬЕ" СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Боловсролын Ерөнхий хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн талаар мэдээлэх, сургалтын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын санал хүсэлтийг сонсох, хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдлье” сэдэвт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Дэгдээхий цэцэрлэг”-ийн хамт олон хэрхэн зохион байгуулж байгааг бид сурвалжиллаа. Хамгийн түрүүнд бид дуу дуулж байгаа бяцхан хүүхдүүдийн ангиар орлоо. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хөтөлбөрийн дагуу Дэгдээхий цэцэрлэгийн бэлтгэл Б бүлгийн хүүхдүүдэд Хөгжим сургалтын чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааг 5 бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулан зохион байгуулж байв. Дуу хөгжмийн багш хөгжмөө тоглож, хүүхдүүд багшийнхаа зааж буй дууг анхааралтай сонсож, авиа бүхнийг алдалгүй даган дуулж байсан нь өхөөрдөм санагдсан. Үүний дараа бид гарын доорх материал ашиглан бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүнтэй танилцсан. Өнгө өнгөөр алаглах эдгээр бүтээлүүд хүүхдийн анхаарлыг татах нь эргэлзээгүй. Учир нь ээж, аавууд бид нүд салгаж чадахгүй, бүр материал бүрийг барьж үзсэн. Зарим нь бүр тоглож харагдана лээ. Уламжлалт тоглоом наадгай, харж ярих зураг, үлгэрийн цаг, хэл яриа хөгжүүлэх тоглоом , сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг дэлгэн тавьжээ. Өөрсдийн гараар бүтээл урлаж, багшдаа магтуулан, ээж аавдаа гайхуулах бяцхан үрс хичнээн өхөөрдөм байсан гэж санана. Байгалийн бүтээл болох навчийг ашиглан, усан будгаар өнгө нэмж, өөр өөрсдийн уран сэтгэмжээр баяжуулан “Дүрслэх урлаг” сургалтын чиглэлээр “Навч” сэдэвт яггүй бүтээлийг шаг хийтэл урлачихна лээ. Хацар, ам, гар, нүүрээ усан будгаар будчихаад өөрсдийгөө шоглон инээлдэх нь энэ өдрийг бүр их чимж байв. Хүүхдүүдийн эрүүл өсөн торних чухал зүйлсийн нэг бол хоол. Эрүүл чанартай хоол идэж байгаа эсэх нь эцэг эхчүүдийн мөнхийн асуулт байсаар ирсэн. Үүнд хариулт болгож энэхүү өдөрлөгөөр “Хүүхдийн хоол”-ны үзэсгэлэнг дэлгэж, амталгаа хийлгэсэн. Хоолыг идсэн ээж аавууд мөнхийн асуултдаа хариултаа авсан байх аа. Бүгд л амаа олохгүй иднэ лээ. Уух зүйл л гэхэд зургаа, долоон төрлийнх. Энд бичихийн тулд би бүх уух зүйлээс амсаж үзсэн. Бүгд маш гоё амттай. Хоолны хувьд маш олон төрөл байсан. Амтат салатыг заавал төмсөөр хийх албагүйг, бялууг заавал зөөлөн кекс, кремээр хийх албагүй болохыг харлаа, үзлээ, сурлаа. Бүх хоолны нэг өдрийн илчлэгийг маш нарийн тооцоолж, хамгийн гол нь ямар ч нэмэлт амтлагч хэрэглэдэггүй, өдөр бүр шинэ хүнсийг хүүхдүүддээ өгдөг тухайгаа 19 жилийн туршлагатай ахлах тогооч хэлсэн. Талхаа, боов, булочкагаа өөрсдөө барьчихдаг, хоолны цэсээ өөрсдөө гаргаад баяжуулчихдаг ажилсаг хамт олон аж. Хамгийн чухал нь бяцхан үрсийн минь Эрүүл мэнд НЭГТ гэж хэлсэн нь сайхан санагдлаа. “Хуулиа дээдлье” сэдэвт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн бас нэгэн чухал хэсэг нь аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Г.Гансүхийн Боловсролын ерөнхий хуулийн танилцуулга, хуульд заагдсан эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүргийг танилцуулах сургалт байсан бол эцэг эх, асран хамгаалагчдад зориулан “Боловсролын ерөнхий хуулийн товч танилцуулга”, “СӨБ-ын хүүхдийн онцлог энэ насны хүүхэдтэй харилцахад анхаарах асуудал, хэрхэн дэмжлэг болох нь” сэдвээр зөвлөгөө зөвлөмж бэлтгэсний дээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт хүлээн авч байгаа нь сайшаалтай санагдсан. Эцэст нь байгууллага, багш нар, эцэг эх хоорондоо нягт уялдаатай хамтран ажиллах хэрэгтэйг, хэдий ажил ихтэй завгүй байсан ч хүүхдийнхээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд гар бие оролцож, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих нь багшийн ажлыг мэдэх, мэдрэх, өөрийн хүүхдээ илүү их ойлгох боломжтой юм гэдгийг хэлэхийг хүслээ.

 

2023-09-22 17:00:00