• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нар өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтээ дүгнэн анхаарах асуудлаа хэлэлцэж, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлохоор чуулж байна. Багш нарын бага хуралд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарын бодлогын хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийлээ. Боловсролын багц хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх, үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үед ирээд буй. Тиймээс багш, сурагчдын хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах, эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлж, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгоор боловсролын салбарын хөгжлийг хангах тухайлсан хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласнаар салбарын үндсэн үзүүлэлтүүд ахиж, сургалтын орчин нөхцөл сайжирч, сургалтын хүртээмж, чанарт ахиц дэвшил гарах юм. Дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийн “Багш бүрд компьютер” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2023-2024 оны хичээлийн жилд улс, аймгийн төсвийн 962.4 сая төгрөгөөр 971 ЕБС болон цэцэрлэгийн багшийг зөөврийн нөүтбүүкээр хангаж, багшийн хөгжлийг дэмжин ажиллалаа. “Оюунлаг Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг өргөжүүлж, сэтгэх чадвар, оюуны спортоор хичээллэх хүүхэд залуучуудыг нэмэгдүүлэх хүрээнд Оюун ухааны академи, Тэмүүлэл сургалтын төв, Залуу зохион бүтээх төв, сэтгэл зүйн сургалт, шатар, сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулан жил бүр 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд нийт 21473 суралцагч хамрагдах бөгөөд 1-р ангид 1985 суралцагч, дотуур байранд 3028 хүүхэд Төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт хамран сургах тойргийн 2-5 насны 7907 хүүхэд, 1 Мэргэжлийн боловсролын сургууль, 3 Политехник коллеж-д 16 мэргэжлээр 1003 суралцагч элсэн суралцана.

 

2024-08-27 15:00:00