• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАТСҮМБЭР СУМАНД БУГАН ХАЛИУН, БОРНУУР, БАЯНЧАНДМАНЬ СУМДАД ХАР ТАРЛАН БУЮУ ГЕРМАНЫ ГОЛШТЕЙН ҮҮЛДРИЙН ҮХРИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭН ҮРЖҮҮЛЖ БАЙНА
Монгол улсын Их Хурал, Засгийн газраас төвийн бүсийг "ЭРҮҮЛ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧ БҮС" болгохоор шийдвэрлэсний дагуу Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх хүрээнд бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлэх ажлыг Батсүмбэр, Баянчандмань, Борнуур сумдад эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг болон бусад албаны бүрэлдэхүүний хамт Батсүмбэр суманд ажиллаж, “Үдлэг Бургалтайн шим” хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. “Үдлэг бургалтайн шим” хоршоонд 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлдэг аж. Төв аймаг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийнхөө хүрээнд Батсүмбэр суманд Буган халиун, Борнуур, Баянчандмань сумдад хар тарлан буюу Германы Голштейн үүлдрийн үхрийг үржүүлж, ялангуяа сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үхэр сүрэгт үзлэг, ангилалтыг богино хугацаанд зохион байгуулж байна. Үхэр сүрэгт үзлэг ангилалт хийснээр: - Үхэр сүргийн анги, чанарыг тогтоон, үржлийн төлөвлөгөөг гаргаснаар үхэр сүргийн чанар сайжирна. - Чанар сайжирснаар нэгжээс авах ашиг шим дээшилж, сүүний хангалт, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. - Сүүний үхэрт зориулсан тэжээл хангамжийг нэмэгдүүлж, тэжээлийн таримал ургамлын нэр төрлийг баяжуулна. - Усан хангамж, услалтын системүүдийн ашиглалтыг сайжруулах зэрэг үр дүн бий болох юм. Мөн энэ үеэр өвс, тэжээлийн үнийн өсөлт болон гарц шийдэл, хүн хүчний асуудлын талаар харилцан санал солилцлоо.

 

2024-08-27 14:00:00