• +976-7027-3911
  • admin@tov.gov.mn
Танилцуулга
Байрлал
 
Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.
 
Газрын тогтоц
 
Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.
 
Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
 
Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.
 
Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
 
Ус мөрөн
 
Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
 
Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.
 
Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.
 
Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.
2021-05-08 00:35:41