• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛИЙН ТЭРГҮҮН АХЛАГЧ Б.АЛТАНГЭРЭЛ 2100 КМ ЗАМЫГ ТУУЛНА
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачлагаар алсын зайн гүйлт хийхээр өнөөдөр замдаа гарлаа. Түүнийг аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн, гэр бүлийнхэн нь үдэж өглөө. Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, 7 дугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөжээ. Аймаг, орон нутаг, алба хааж буй нэгтгэлийнхээ түүхт ойд зориулан алсын зайн гүйлтийн алтан шар замдаа гарч байгаа түүний эр зоригийг үнэлэн аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас дагалдаж явах автомашины 2000 км зам туулах шатахууныг шийдвэрлэсэн юм. Тэрбээр уг алсын зайн гүйлтээрээ энэ онд 100 жилийн ойтойгоо золгож буй аймаг, орон нутаг, Зэвсэгт хүчин, нэгтгэл анги байгууллагаа сурталчлах, олонд таниулах, бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил, цэргийн хүний тэсвэр тэвчээр, ур чадвар, эр зоригийг харуулахыг зорьж байгаа тухайгаа онцоллоо.
2023-05-25 15:00:00