• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ МЭРГЭЖИЛТЭН, МАНЛАЙЛАГЧДЫН V ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Жендэрийн тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын клубийн 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон гишүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр байгууллагадаа хэрэгжүүлсэн шинэлэг санаачлагын талаар мэдээлэл солилцох, 2023 онд хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөх зорилготой уг чуулганыг Төв аймаг, Канад улсын Засгийн газрын Merit төсөлтэй хамтран зохион байгуулж байна. Чуулганд яам, агентлагийн албан хаагчид, Төв, Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл, нийт 50 орчим хүн оролцож байна.Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Миний хувьд аймгийнхаа Жендэрийн салбар хороог ахалж ажилладгийн хувьд жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, удирдлагын түвшинд манлайлан ажиллахын зэрэгцээ жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн үр шимээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бүх түвшинд нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Мерит төслийн үр дүн их. Жендэрийн тэгш байдлыг хангахад мэргэжил арга зүйн болоод техникийн туслалцаа дэмжлэгийг тогтвортой, тасралтгүйгээр байнга үзүүлж байгаа нь төсөлд хамрагддаг аймгууд, төвийн бүсийн байгууллагуудын үйл ажиллагаа, манлайллаас харж болохоор байна” хэмээн онцолсон юм.Төв аймаг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн хөтөлбөр”-ийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж, бусад аймгуудаас анх удаа жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгож, аймгийн ЗДТГ-ын бүтцэд оруулсан. Түүнчлэн энэ онд Төв аймгийн төрийн албан хаагч, байгууллагын удирдлагууд “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт” сургалтад хамрагдаж, салбар бүрийн онцлогийг тусгасан, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг харуулсан бичил төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2022-12-07 11:00:00