• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАДУУДАА ШАЛГАРУУЛЛАА
Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн түүхийг цогцлоон бүтээсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн Баярын хурлын арга хэмжээг зохион байгуулж, “Хөдөлмөрч манлай есөн ахмад”-аа шалгарууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, ахмадууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян хэлсэн үгэндээ: Төв аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны хөдөлмөр хамгааллыг дэмжин “Ахмадын ордон, Ахмадын сан” байгуулах тухай тусган хэрэгжүүлж байгаа болон “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд ХАА, газар тариалан, мод , хүнсний ногоо тарих, ХАБЭА тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг сурталчлах зэрэг 6 чиглэлээр ахмадуудтайгаа хамтран ажиллаж хүүхэд, залуус, төрийн албан хаагчдад ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадварыг өвлүүлэн ажиллаж байна. Мөн ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудалд анхаарч, сумдын ахмадын байгууллага, аймгийн ахмадын хорооноос зохион байгуулж байгаа ажлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн онцолсон юм.
АЙМГИЙН “ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАД”-ААР:
1. Жигдэнгийн Содномдаржаа /Аргалант сумын ахмад настан/
2. Батбаярын Базаррагчаа /Баянчандмань сумын ахмад настан/
3. Цогттөмөрийн Цэрмаа /Борнуур сумын ахмад настан/
4. Дугарын Дашдондог /Дэлгэрхаан сумын ахмад настан/
5. Пунцагийн Цэдэнбалжир /Жаргалант сумын ахмад настан/
6. Мандалжамцын Пагамдулам /Зуунмод сумын ахмад настан/
7. Түнтэгийн Болд /Зуунмод сумын ахмад настан/
8. Далхаагийн Баттөмөр /Сүмбэр сумын ахмад настан/
9. Цамбын Баасанбат /Цээл сумын ахмад настан/ нарыг шалгарууллаа.
Мөн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3, “Алтан гадас одон”-оор 5, “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар 1, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар 4 ахмадыг шагнасан бол аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 2, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр 1, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 2, Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2, “Монгол улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”-иар 5, Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 2, “Хүндэт жуух”-аар 3, “Ахмадын алдар хүндэт тэмдэг”-ээр 2, Зуунмод сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр 6, Зуунмод сумын 80 жилийн ойн медалиар 10, Монголын Үйлдвэрчний эвлэлийн “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 1 хүнийг тус тус шагналаа.
2022-10-12 10:11:48