• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРГАЛАНТ СУМЫН ТӨВ ХҮРТЭЛХ 8.7 КМ АВТОЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, “Нутгийн зам” төслийн хүрээнд сумдыг улсын чанартай автозамтай хатуу хучилттай автозамаар холбох ажил үргэлжилсээр байна. Өнөөдөр А/01 дугаартай баруун чиглэлийн автозамаас Аргалант сумын төв хүртэлх хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээн авлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн БЗОСК-ийн захирал Ж.Баттөгс, Аргалант сумын удирдлагууд, “Билэгт зам” ХХК-ний удирдлага, хамт олон болон бусад албаны төлөөлөл, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Аргалант сумын төв хүртэлх уг хатуу хучилттай автозамын ажлыг улсын төсвийн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК ажиллаж, хугацаандаа хүлээлгэн өгч байна. Уг зам нь хөдөлгөөний хоёр зурвастай, найман метрийн өргөн, долоон сантиметр зузаантай, асфальтбетон хучилттай. Төв аймаг сүүлийн жилүүдэд зам дагасан хөгжлийг бий болгож, сумдаа улсын чанартай автозамтай холбох ажлыг эрчимтэй өрнүүлсээр байна. Тухайлбал Алтанбулаг сум хүртэлх 13.7 км автозам, Эрдэнэсант сумын төв хүртэлх 3.2 км автозамыг байнгын ашиглалтад оруулсан бол Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сум чиглэлийн 122.2 км автозам, Борнуур сумын Дуган хад чиглэлийн 8.5 км автозамын барилгын ажлыг эхлүүлээд байна. Эдгээр автозамууд ашиглалтад орсноор орон нутгийн чанартай автозамын сүлжээ 110.5 км-ээр нэмэгдэж, аймгийн хэмжээнд 16 сум буюу нийт сумдын 60 хувь улсын чанартай автозамтай хатуу хучилттай автозамаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлдэг УИХ-ын гишүүд, хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэддээ талархал илэрхийье.

 

2023-09-20 10:00:00