ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газрын Жендерийн үндэсний хорооноос жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, орон нутгийн жендерийн дэд хөтөлбөрийг дэмжих асуудлаар үндэсний хэмжээнд сайн туршлага бий болгох ажлыг зохион байгуулж, 21 аймгаас Төв, Архангай, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгийн сайн туршлагыг сонгосон байна. Энэхүү ажлын хүрээнд Төв аймгийн Засаг дарга бөгөөд жендерийн салбар хорооны дарга Ж.Батжаргал тэргүүтэй салбар хорооны бүрэлдэхүүнтэй Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан албаныхан уулзаж, “Байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд жендерийн асуудлыг нэвтрүүлэх” сайн туршлагыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх семинарыг зохион байгуулж байна. Семинарын арга хэмжээгээр дамжуулан сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд жендерийн арга зүй, аргачлалыг хэрхэн ашиглах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

ТӨВ АЙМАГ: ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2018 оны жилийн эцсийн байдлаар Төв аймгийн хүн амын тоо 95045, үүний 48784 нь эрэгтэй, 46261 нь эмэгтэй, насны байдлаар нь авч үзвэл аймгийн хэмжээнд 33542 хүүхэд, 27271 залуучууд, 12831 ахмад настан, 3211 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 3473 өрх толгойлсон эцэг эхчүүд амьдарч байна. хүн амын дундаж наслалтыг 10 жилийн хугацаанаас авч үзвэл 2008 онд эрэгтэй 65.18, эмэгтэй 17.01 байсан бол 2018 онд эрэгтэй 70.44, эмэгтэй 75.21 болж өссөн үзүүлэлт гарчээ. Сүүлийн 4 жилийн судалгаанаас харахад төрийн албан хаагчдын 31-33 хувийг эрэгтэйчүүд, 66-68 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол 2017 оны дүнгээр нийт бүртгэгдсэн Төрийн албан хаагчдын 32.1 хувийг эрэгтэйчүүд, 67.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2017 онд нийт 19462 малчин бүртгэгдсэнээс 11410 нь эрэгтэй, 8052 эмэгтэй, 2018 онд нийт 18484 малчин бүртгэгдсэнээс 11137 эрэгтэй, 7347 нь эмэгтэй юм.
Төв аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/638 дугаар захирамжаар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороог аймгийн Засаг даргаар ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, аймгийн Жендерийн нөхцөл байдлын үнэлгээнд суурилан 4 зорилт 23 арга хэмжээтэйгээр дэд хөтөлбөр боловсруулж, аймгийн ИТХ-ын хэлэлцүүлэн 116 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.