ЗУУНМОД ГОЛЫГ ТҮШИГЛЭН “НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЛАА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар 2018 оны гуравдугаар сараас Монгол орон даяар “Ногоон паспорт” аян хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл болгон “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд Дорноговь аймгийн хамрын хийд болон бусад 8 аймагт энэхүү ажлыг хийж хэрэгжүүлсэн бол энэ жил үлдсэн 13 аймагт хэрэгжүүлсэн байгаа бөгөөд ингэснээр Монгол орон даяар “Ногоон төгөл”-тэй болж байгааг онцоллоо.
Манай аймгийн хувьд Зуунмод голоо түшиглэн “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Энэхүү цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой моддыг танин мэдэх агуулга бүхий модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Уг цэцэрлэгт хүрээлэнд тухайн бүс нутгийнхаа онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгац байгаа бөгөөд иж бүрэн усалгааны системийг байгуулж өгснөөрөө онцлог бөгөөд өсвөр үеийнхнийг байгаль орчноо хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг мэдээлэлтэй болгох өндөр ач холбогдолтой юм.