БАЯНХАНГАЙ СУМАНД ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 60 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

Намрын ургац хураалтын үеэр аймгийн ХХААГазрын газар тариалангийн алба, мал аж ахуйн алба, жижиг дунд үйлдвэрийн албаны төлөөлөл газар тариалан бүхий Баянхангай, Аргалант, Баянцогт суманд ажиллан тариаланч, ногоочдын ажлын бүтээмж, тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцаж, зөвлөмж өгөх, туслан гүйцэтгэх чиглэлээр ажиллалаа. Сумдын хувьд хүнсний ногооны хураалт эхэлчихсэн байгаа бол үр тарианы хураалтыг 10 сарын эхээр эхлүүлнэ гэдгээ хэлж байсан юм. Төв аймгийн Баянхангай сумын тухайд энэ жил төмс, хүнсний ногоо 100 га, үр тариа 727 га, гар тэжээл 280 га, өрхийн аж ахуйд төмс, хүнсний ногоо 30 га тариалалт хийсэн бөгөөд төмс хүнсний ногооны хураалт 60 хувьтай явагдаж байна. Гар тэжээл бэлтгэх аяны хүрээнд сумын төсвийн байгууллага болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг оролцуулан агь, таана, халгайг ашиглан гар тэжээл бэлтгүүлэх ажлыг зохион байгуулж байна.