СҮҮЛИЙН 10 ЖИЛД ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 462 ӨРХИЙГ 4000 ТОЛГОЙ МАЛААР МАЛЖУУЛЖЭЭ

Шинэ залуу малчдыг бэлтгэх, хөдөө орон нутгаас хот суурин газар луу шилжих хөдөлгөөнийг зогсоох, мал маллах хүсэлтэй иргэдийг малжуулах зорилгоор анх 2009 оноос малжуулах төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2012 онд албан ёсны хөтөлбөр болон батлагджээ. 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд Төв аймгийн хэмжээнд 462 өрхийг хамруулсан ба 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4000 толгой малаар малжуулжээ. Тэгвэл өнөөдөр уг төсөлд хамрагдсан залуу малчдын “Амжилтын түүх” чуулга уулзалтыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Дэлхий зөн ОУ-ын байгууллага Төв орон нутгийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.  “Амжилтын түүх” чуулга уулзалтад Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, ХХҮЕГазрын ахмад ажилтан Д.Батмөнх, улсын хошой аварга малчин Б.Төрболд болон 160 гаруй залуу малчин оролцож байна.

“Амжилтын түүх” чуулганы хүрээнд: Малчдын талаар төрөөс болон орон нутгаас баримталж буй бодлого, тулгамдсан асуудал, мал аж ахуйд түшиглэсэн хөдөлмөр эрхлэлт, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн он жилүүдийн дурсамж яриа, малчны загвар хоршоо, бүлгийн тухай, SECIM төслийн тухай, малын чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сайн малчны арга туршлагаас хуваалцах зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал солилцсон юм.