ТӨВ АЙМАГ БНСУ-ЫН КОРЁ ИХ СУРГУУЛИЙН АНАМ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгтэй мэргэжлийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах солилцооны хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэргээр хоёр орны анагаах ухаан болон эрүүл мэндийн хамтын ажиллагааг эхлүүлж, таван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож Анам эмнэлгийн элэгний болоод хавдрын эмч Со Ён Сок болон бөөр, судасны эмч И Чан Хон тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг элэгний В,С вирусын өвчлөл /хатууралтай/-тэй 30 иргэн, бөөрний хүнд хэлбэрийн оноштой 20 иргэнд үзлэг оношлогоо хийсэн юм. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хооронд цахим сүлжээг хөгжүүлж, өвчтөний оношийг богино хугацаанд тодруулах боломжийг бий болгосноор өвчний онош тодрохгүй байх тохиолдлыг бууруулж, иргэд заавал гадны оронд өөрийн биеэр очиж оношлуулах шаардлагагүй болох юм.