ТӨВ АЙМГИЙН МӨНГӨНМОРЬТ СУМ, БАГАНУУР ДҮҮРГИЙГ ХОЛБОСОН 60 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИГДАНА

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Багануур дүүргийг холбосон 60 км хатуу хучилттай авто замын ажил 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр буюу намрын тэргүүн сарын зургаан цагаан мэнгэтэй билэгт сайн өдөр эхэллээ. Олон жил яригдсан энэхүү томоохон бүтээн байгуулалт, замын ажлын санхүүжилт нь УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилга, дэмжлэгтэйгээр шийдвэрлэгдэн, 
2019-2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто замын жагсаалтад 48.0 тэрбум төгрөгөөр хийгдэхээр тусгагдан бөгөөд ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Уг замын ажлын гүйцэтгэгчээр Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас зарласан тендэрт шалгарсан “ТОТАЛ ИНЖ” авто зам барилгын компани ажиллахаар бөгөөд шинэ замыг 2020 оны 11 сард хүлээлгэн өгөх юм. Төв аймгийн Мөнгөнморьт сум нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутагтай бөгөөд энэхүү авто замын ажил хийгдсэнээр улсын хэмжээний томоохон аялал жуучлалын бүс нутаг болон хөгжих боломжтой гэдгийг холбогдох албаныхан онцолсон. Мөн нутгийн иргэдийн зүгээс хот хооронд саадгүй зорчих замтай болж байгаад талархаж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.