“СОЁЛЫН ЦАГ” АЯН ТӨВ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Урлаг, соёлын алдартны өлгий Төв сайхан нутгийн соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид, ажилтан албан хаагчид Соёл, урлагийн ажилтны өдрөө тэмдэглэн өнгөрүүлж, “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтээ хийлээ. Монгол улсын Соёлын яамнаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийн ажиллагаанд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг боолн Төв аймгийн 27 сумын соёл, урлагийн байгууллагын ажилтан албан хаагчид оролцсон юм. Манай улсад Соёл, урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж, эдүгээ 27 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн Соёл, урлагийн ажилтны өдөр нь “Соёлын цаг” аяныг орон нутагтаа эхлүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.
Энэ үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан тэргүүлсэн Архуст сумын Соёлын төв, дэд байрт шалгарсан Өндөрширээт сумын Соёлын төвийн хамт олонд хүндэтгэл үзүүлж шагналыг нь гардууллаа. Мөн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд амжилт гаргаж байгаа Соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчдыг аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.