АЙМГИЙН ШҮҮХ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН УРГАЦ ХУРААЛТЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Аймгийн шүүх, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчдыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Магнайбаяр нар хүлээн авч уулзан, аянд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.
Төв аймагчууд Атрын IV аяны гарааны жилд хагас сая тонн ургац хураан авах урьдчилсан тооцоололтой байгаа билээ. Энэ жил газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэг, зуншлага сайхан болж, тариаланчид, ногоочдын цаг наргүй ажилласан хөдөлмөр зүтгэлийн үр шим болох тариа, ногоог хаягдалгүй хураан авах зорилгоор аймгийн Ургацын штабаас “Арвин ургац-Ажлын байр” аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд одоогийн байдлаар аймгийн Чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг, Цанын шигшээ баг, Хөлбөмбөгийн шигшээ багийн хамт олон нэгдэж ургац хураалтад идэвхтэй оролцож байгаа бол өнөөдөр аймгийн Шүүх, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан, албан хаагчид аянд нэгдэж байна. Тэдний хувьд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өөрсдөө гар, бие оролцохоос гадна бусад албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байгаагаа илэрхийллээ.