АРХУСТ СУМАНД 40 ОРТОЙ ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн Архуст суманд 40 хүүхдийн ортой шинэ дотуур байрны шав тавьж, ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав, Архуст сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцлоо. Архуст сумын Ерөнхий боловсролын сургууль нь 30 багш, ажилтантай, 200 сурагчтай үйл ажиллагаа явуулдаг. Тал хээрийн бүсэд оршдог учир сурагчдын багагүй хувийг малчдын хүүхэд эзэлдэг. ЕБС-ийн дотуур байр нь Бамын байрыг түшиглэн 1984 онд 25 хүүхдийн ортойгоор ашиглалтад орж байсан бөгөөд зайлшгүй шинэчлэн барих шаардлага тулгараад байсан юм. Учир нь 25 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 40 хүүхэд хүлээж авдаг аж. Мөн тус байранд ЕБС-ийн 1, 2 дугаар анги хичээллэдэг, гал тогоо байрладаг гээд олон үйл ажиллагаа явагддаг байна. 40 ортой дотуур байрны барилгын ажлыг “Хабул Констракшн” ХХК гүйцэтгэх юм.