ХУУЛЬ ЗҮЙН АСУУЛТ ХАРИУЛТЫН БУЛАН

СЭДЭВ: АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН

ТУХАЙ ХУУЛЬ №02

Асуулт: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь, хэмжээ ямар байдаг вэ?

Хариулт: 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:

1. эрхийн шимтгэлийн орлого; ногдол ашгийн орлого; хүүгийн орлого; Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын тосны тухай хуульд заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө; даатгалын нөхөн төлбөр, эрх борлуулсан, шилжүүлсний орлогод 10 хувиар;

2. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 2 хувиар;

3.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлогод 40 хувиар;

4. тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг;

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод 20 хувиар;

5.aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар;

6.Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар;

7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.1-д заасныг үл харгалзан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулахаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар тус тус тооцож албан татвар ноогдуулна.

Асуулт: Хуульд зааснаар ямар орлогыг албан татвараас чөлөөлөх вэ?

Хариулт: Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

1.Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

2.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг;

3.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого;

4.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого;

5.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;

6.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого;

7.төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг;

8.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого;

9.Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;

10.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого;

11.холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө;

12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.

Асуулт: Албан татварын хөнгөлөлтийг хэрхэн тооцох вэ?

Хариулт: Албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулахаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн /хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан/ албан татварыг 90 хувиар хөнгөлнө.

Дээрх албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, буцаан олгоно. Буцаан олголтыг жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.

Асуулт: Ямар орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлэх вэ?

Хариулт: Дараахь орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

1.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар;

2.нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг;

3.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг;

4.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг;

5.Биеийн тамир, спортын тухай хуульд заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;

6.хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг;

7.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;

8.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;

9.тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг тус тус хөнгөлнө.

Асуулт: Тариалан эрхлэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

Хариулт: Доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Үүнд:

а.үр тариа, төмс, хүнсний ногоо;

б.сүү;

в.жимс, жимсгэнэ;

г.тэжээл, тэжээлийн ургамал;

д.эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн.

Асуулт:Албан татварын хөнгөлөлт эдлүүлэх талаарх хуулийн заалтанд ямар ямар салбар хамаарахгүй вэ?

Хариулт:Албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлөх тухай заалтанд дараах салбар хамаарахгүй. Үүнд:

1.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа; 

2.согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох; 

3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох;

4.газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах; 

5.ярианы үйлчилгээ эрхлэх; 

6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; 

7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; 

8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах.

Асуулт: Албан татварыг ямар хугацаанд тайлагнах вэ?

Хариулт:Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.

Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл /хуулийн дагуу татварын албанд бүртгүүлээгүй/ албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ. Тайлант жилд үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгч мөн энэ хугацааны дагуу татварын тайлан гаргана.

Асуулт: Албан татварын буцаан олголтыг хэрхэн тооцож олгох вэ?

Хариулт: Албан татвар төлөгч, суутган төлөгчийн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ. Албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар нь төлбөл зохих албан татварын хэмжээнээс бага тохиолдолд харьяалах татварын алба албан татвар төлөгчид мэдэгдэж, эцсийн тооцоог хийнэ. Албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар төлбөл зохих албан татварын хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан дүнг буцаан олгох; эсвэл тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох болон татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох аргаар шийдвэрлэнэ.

..оОо..