ХУУЛЬ ЗҮЙН АСУУЛТ ХАРИУЛТЫН БУЛАН

СЭДЭВ:КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН  ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Асуулт:Короновирусын халдвар гарсантай холбогдуулан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх талаар хууль, журам гарсан байна. Хуулийн үйлчлэлд хэн хамаарах вэ?

Хариулт:Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байгаа даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө.

Асуулт:Ямар хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх вэ?

Хариулт:2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлнө.

Асуулт:Ямар ямар байгууллагын ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхгүй вэ?

Хариулт:Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуулинд дараахь даатгуулагч нарыг хамруулахгүй. Үүнд:       

1.төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч;

2.төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч;

3.гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч                                    

Асуулт:Ямар төрлийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа вэ?

Хариулт:Хуулийн үйлчлэлд хамаарах даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлнө.

Асуулт:Сайн дураар даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үү? Ямар төрлийн даатгалыг чөлөөлөх вэ?

Хариулт:Нийгмийн даатгалын байгууллагатай сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлнө.

Асуулт:Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн 6 сарын хугацааг шимтгэл төлснөөр тооцох уу?

Хариулт: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагчийг шимтгэл төлснөөр тооцон бичилт хийх юм.

Асуулт:Аж ахуйн нэгжүүдийн ажиллагч бүрт 200.000 төгрөг олгоно гэсэн. Бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллагсдад олгох уу?

Хариулт:Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгоно.

Асуулт:Нийгмийн даатгалын байгууллагатай сайн дурын даатгалын гэрээ байгуулаагүй иргэд болон шимтгэл төлөгчөөр бүртгүүлээгүй байсан байгууллагуудыг энэ 6 сарын хугацаанд шимтгэл төлснөөр тооцох уу?

Хариулт:2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүй.  

Асуулт:Аж ахуйн нэгж байгууллагад түр болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх үү?

Хариулт:Хуулийн үйлчлэлд хамаарах хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургууль  тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагч нар 2020 оны 4 дүгээр сарын   1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Асуулт: үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан”, “ажлын байрыг хадгалж байгаа гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Хариулт:Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2020 оны  4-9 дүгээр саруудын аль нэг сард өмнөх оны мөн үеэс буурсан нь татварын тайлан, татварын төлбөрийн баримтаар баталгаажсан бол “үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан” гэж үзнэ. Хууль хэрэгжих хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа тухайн сарын ажилтны тоогоор “ажлын байрыг хадгалж байгаа” гэж үзнэ.

Асуулт:Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээг хэрхэн тооцох вэ?

Хариулт:Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн дундаж хэмжээнээс илүүгүй байна.

Асуулт:Сайн дураар даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хэмжээ ямар байх вэ? Гэрээнд заасан хэмжээгээр чөлөөлөх үү?

Хариулт:Сайн дураар даатгуулагчийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын  шимтгэлийн нэг сарын хэмжээ 56 700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөг байна. Сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-нээс дээш орлогоос шимтгэл төлөхөөр мэдүүлсэн бол уг орлогоос тооцсон шимтгэлийн, 56 700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөгийн шимтгэлийн зөрүүгээр өөрөө хариуцан төлж болно. 

Асуулт:Нэгээс дээш байгууллагад ажилладаг бол 200,000 төгрөгийн  дэмжлэгийг байгууллага бүрээсээ авах уу?

Хариулт: Даатгуулагч 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгжид ажилладаг бол  дэмжлэгийг давхардуулан олгохгүй.

Асуулт:Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн хугацааг хэрхэн нөхөн бичилт хийж төлснөөр баталгаажуулах вэ? Энэ хугацаа нь тэтгэвэр тэтгэмж тогтоох жилд орох уу?

Хариулт: Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр тооцож баталгаажуулна. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байцаагч нь хянан баталгаажуулснаар тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсөнд оруулан тооцно.

..оОо..