ХУУЛЬ ЗҮЙН АСУУЛТ ХАРИУЛТЫН БУЛАН

СЭДЭВ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ

ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР 1, 2                 

Асуулт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар юуг зохицуулдаг вэ?

Хариулт:Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд Улсын Их хурлаас шинэчлэгдэн батлагдаад, хэрэгжиж байна. Энэ хуулиар жижиг дунд үйлдвэр үйлчилгээ гэж юуг хэлэх, жижиг дунд үйлдвэр үйлчилгээг төрөөс хэрхэн дэмжих, хэрхэн бүртгэх, ямар төрлийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг асуудлыг зохицуулсан байдаг. Энэ хуулийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Асуулт: “жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж хэнийг ойлгох вэ?

Хариулт:Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд зааснаар “жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг ойлгоно.

 Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамааруулдаг. Үүнд:

  • “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
  • “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
  • “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг тооцно.

Асуулт: Жижиг дунд бизнес эрхлэгчид хаана бүртгүүлэх вэ?

Хариулт:Аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлж, нэгдсэн мэдээллийн санд орсноор төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаанд хамрагдах боломжтой болох юм. Аж ахуйн нэгжүүд нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ харьяалах аймаг нийслэл, сум дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан албан тушаалтанд бичгээр болон цахимаар гаргана.Уг хүсэлтэндээ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт; эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлангаа хавсаргана. Хүсэлт гаргагч зохих нөхцөлийг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгодог.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар холбогдох төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлдэг.

Асуулт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Хариулт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:

1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;

2. хөнгөлөлттэй зээл олгох; шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах,зээлийн давхар батлан даалт гаргах; зээлийн хүүгийн татаас олгох; тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх,

3.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

4.экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;

5.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;

6.бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

7.шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;

8.техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

9.кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;

10.гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.зэргээр дэмжинэ… гэв.

Асуулт:Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ямар зориулалттай байдаг вэ?

Хариулт:Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилдаг.

Асуулт:Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэрхэн зээл олгодог юм вэ? Энэ талаар хууль журам гэж байна уу?

Хариулт: Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тогтоолоор 2020 онд шинэчлэн батлан хэрэгжүүлж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгодог.

Асуулт:Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл, зээлийн хүүгийн татаасыг хэрхэн  олгох вэ?

Хариулт:Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмын дагуу сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгохдоо 1.Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгох; 2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх гэсэн хязгаарлалтыг баримтална.

Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог. Хэрэв албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулсан тухай шийдвэрийг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Асуулт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй тохиолдол гэж байдаг уу? Ямар тохиолдолд зээл олгохгүй вэ?

Хариулт: Хөнгөлөлттэй зээлийг дараах тохиолдолд олгохгүй. Үүнд:

1.Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;

2.зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;

3.Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;

4.шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;

5.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй бол олгохгүй

6. төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;

7. байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал  хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд тухайн аж ахунй нэгжид хувь эзэмшдэг бол;

9.жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн боловч харилцан хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь   2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;

10.нэг төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад давхардуулан ирүүлсэн;

11.Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгээс илүү төсөл ирүүлсэн бол зээл олгохгүй.

Асуулт: Зээл олгох дээд доод хэмжээ гэж байдаг уу? Хэдий хэмжээний зээл авч болох вэ?

Хариулт: Зээлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгодог. Сангаас шууд болон  арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн доод хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг, дээд хэмжээ нь хуульд заасны дагуу тухайн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн сүүлийн жилийн борлуулалтын орлогоос хамааруулан нэг зуун саяас 2.5 тэрбум төгрөг хүртэл хязгаартай байдаг. Сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлдэгч нь зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал даатгуулах журамтай.

Асуулт:Зээлд хамрагдах төсөлд ямар шаардлага тавих вэ?                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хариулт: Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байх ёстой.

Асуулт: Хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг хаана хэн сонгон шалгаруулдаг вэ?

Хариулт: Төсөл сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах хороо”, аймгийн дэд хороог томилон ажиллуулдаг бөгөөд хорооны  бүрэлдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн сайд, дэд хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга тус тус  батална.  Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл  оруулдаг.  Хороо нь Сангийн ажлын албаны судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй байдаг.

Асуулт: Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг хэрхэн зарлаж, хэрхэн хүлээн авдаг вэ?

Хариулт: Төсөл хүлээн авах товыг Хүнс хөдөө аж ахуйн сайд тогтоодог. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, цахим хаяг, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь тухайн орон нутагт хэрэгжих 20 сая төгрөгөөс 300 зуун сая хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн, тухайн орон нутгийн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь хорин сая төгрөгөөс 2,500,000,000 хоёр тэрбум таван зуун сая төгрөг хүртэл санхүүжилт хүссэн, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан тухайн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд  цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авах бөгөөд бусад үед төсөл хүлээн авахгүй.

Асуулт: Төслийг хэрхэн шалгаруулж, хэрхэн олгодог вэ?

Хариулт: Төсөл сонгон шалгаруулах, зээл олгох, хяналт тавих журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан нарийвчилсан журмын дагуу тодорхой шат дараалалтайгаар хийдэг. Шалгарсан төслийн зээл олгох шийдвэр гарсны дараа туханй аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийг  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгодог бөгөөд шалгарсан төсөл болон зээлийн талаар олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ.

ooo