АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Төв аймгийн 2020 оны “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” урианы жил, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгт чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд он гарснаас хойш зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 3 компанитай уулзалт зохион байгуулж, Дархан-уул аймгийн ЗДТГазар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг зэрэг байгууллагуудад туршлага судлан, ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулан ажилласан билээ.
Энэ хүрээнд өнөөдөр буюу 2020 оны 03 сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон зөвлөх үйлчилгээний “World Standart Consulting” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Цэдэнжав нар хамтран ажиллах гэрээг үзэглэн, стандарт нэвтрүүлэх ажил хэрэгжих эхлэлийг тавилаа. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд шаардлага хангасан, стандартад нийцсэн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай үзүүлэх, байгууллагын дотоод ажил, үйлчилгээ, үндсэн үйл ажиллагаа, өдөр тутмын ажил хэргийн стандартийг сайжруулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах боломжтой бүрдэж байгаа юм. Төслийг 2020 оны 06 сар хүртэл гүйцэтгэж, дараагийн шат буюу баталгаажуулалтын шатанд шилжүүлэн өгөхөөр ийнхүү гэрээ байгууллаа.