“ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СУРГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Аргалант сумын Эрүүл мэндийн төв нь Шинэ Коронавирусээс урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчнөөс иргэдээ хамгаалах, мэдээлэл зөвлөмж хүргэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсаар байгаа аж. Тухайлбал томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан гэрээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилсан үзлэг, оношилгоо хийн витамин амин дэмээр хангаж, нас насны онцлогт тохирсон зөвлөгөөг өгч байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд болон давхардсан тоогоор нийт 396 өрхийн эцэг эхчүүдэд 6 төрлийн 1284 ширхэг гарын авлага, зөвлөмж өгч, дархлаа дэмжих витамин, амны хаалтыг хүргүүлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/536, А/537, 242 дугаар тушаал, аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны тэмдэглэл, Онцгой байдлын газрын улсын байцаагчийн гамшгаас хамгаалах мэдэгдэл, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан бичгийг үндэслэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дотоод сургалтанд тасралтгүй хамруулж байгаа аж. Шинэ Коронавирус, томуу, томуу төст өвчний үед сумын Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн үзлэгийн амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчний мэдээ мэдээллийг аймгийн ЭМГазарт шуурхай хүргүүлж, хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган, хүлээн авах яаралтай түргэн тусламжийн өрөө болон сувилагчийн постыг тогтмол ажиллуулж байгаа бөгөөд Аргалант суманд томуу, томуу төст өвчин 7,3 хувь буюу аймгийн дунджаас доогуур байгаа талаар сумын ОНИМАжилтан мэдээллээ.