ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд сумдын удирдлагууд, төсөвт байгууллагын дарга нартай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Нийт 160 гаруй удирдах албан тушаалтныг хамарсан уг хурлаар Аймгийн засаг дарга Ж.Батжаргал дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
– Олон улсын хэмжээнд Шинэ Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед ард иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан анхан шатны зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөхийг онцгойлон анхаарууллаа. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, албан байгууллага, айл өрх бүр ариутгал халдваргүйтгэлийг хийх, амны хаалтыг тогтмол, зөв зүүж хэвших, бактер усгагч савангаар гараа тогтмол угаах, гар ариутгагч бодисоор ариутгах, гадаад улс оронд зорчихгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн эргэлт хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн 2 дугаар сарын 17-27-ны өдрийг хүртэл нийт боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад 10 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.
– Шинэ Коронавирусын тархалт нэмэгдэж хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед уламжлалт “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
– Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалд тулгуурлан хаваржилтад онцгойлон анхаарах нь зүйтэй. Өвс тэжээлийн нөөцөө хангах, хаваржааны гол бүс нутгуудаа хамгаалахыг онцгойлон анхаарууллаа.
– Хөл хорио тогтоосон энэ үед айл өрх бүр гэрийн нөхцөлд аюулгүй байдлаа сайтар хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, албан байгууллагууд хариуцлагатай жижүүрийг тогтмол ажиллуулах, иргэдийг ус, дулааны доголдолд оруулахгүй байх, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.