БОРНУУР СУМЫН БАГИЙН ЭМЧ НАР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ГЭРЭЭР ХИЙЖ, 413 ХҮҮХДИЙГ ИДЭВХИТЭЙ ХЯНАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ

Борнуур сумын Эрүүл мэндийн төвөөс Шинэ Коронавирусээс урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчнөөс иргэдээ хамгаалах, мэдээлэл зөвлөмж хүргэх ажлыг шат дараатай зохион байгуулсаар байна. Тухайлбал томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилсан үзлэг, оношилгоо хийн витамин амин дэмээр хангаж, нас насны онцлогт тохирсон зөвлөгөөг өгч байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эхчүүдэд “Ханиад томуунаас урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн сургалт зохион байгуулж ханиаднаас сэргийлж дархлаа сайжруулах цэгэн массаж хийх заавар зөвлөмж өгч, дархлаа дэмжих витамин, амны хаалтны зөв хэрэглээг хэвшүүлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/536, А/537, 242 дугаар тушаал, аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны тэмдэглэл, Онцгой байдлын газрын улсын байцаагчийн гамшгаас хамгаалах мэдэгдэл, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан бичгийг үндэслэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дотоод сургалтад тасралтгүй хамруулж байгаа аж. Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх болон улирлын чанартай томуу, томуу төст өвчний тандалт үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 308 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 131 хүүхдийг хамруулсан бөгөөд хүүхдийн нийт өвчлөлийн 13.2 хувийг амьсгалын замын өвчлөл болон томуу томуу төст өвчин эзэлж байгаа аж. Шинэ Коронавирус, томуу, томуу төст өвчний үед сумын Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн үзлэгийн амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчний мэдээ мэдээллийг аймгийн ЭМГазарт шуурхай хүргүүлж, хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган, хүлээн авах яаралтай түргэн тусламжийн өрөө болон сувилагчийн постыг шаардлагатай газруудад байршуулсан байна.