БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАНДИРС” ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Төв аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ын урианы жил болгон зарлаж, бүхий л салбарт хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилласны үр дүнд улс, орон нутаг, төсөл, хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 85.0 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Барилгачдын холбоо хамтран “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ын урианы жилийн шилдгийн шилдгүүд, Төв аймгийн бүтээн байгуулалтын дээд шагналын эздийг тодруулах “Алтан Гандирс-2019” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид иргэд оролцож шилдэг бүтээн байгуулагчиддаа хүндэтгэл үзүүллээ.
Аймаг орон нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудыг уриалан манлайлж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэн ажилласан дараах байгууллагууд оны дээд “Алтан Гандирс” шагналын эзэд болсон юм. Үүнд:
– Нийгмийн салбарын найман барилга байгууламжийн зураг төслийг боловсруулж, зохиогчийн хяналтыг хийж ашиглалтад оруулсан үзүүлтээр “Зураг төслийн шилдэг байгууллага” номинацийн эзнээр Э.Ганбаяр захиралтай “ТГТ” ХХК
– Улсын бүртгэлийн хэлтсийн барилга, Өндөрширээт сумын 100 хүүхдийн дотуур байрыг гэрээт хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Шилдэг гүйцэтгэгч байгууллага” номинацийн эзнээр С.Уяа захиралтай “Ар Булаг” ХХК
– 1.5 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг, Баянчандмань сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбосон үзүүлэлтээр “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага” номинацийн эзнээр Я.Дашдорж захиралтай “Эл Си Би” ХХК
– Урьхан-2 цогцолборыг Лүн суманд барьж ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Үйлчилгээний шилдэг байгууллага” номинацийн эзнээр Б.Ганбат захиралтай “Урьхан” ХХК
– Мөнгөнморьт суманд Соёл спортын төвийг барьж байгуулан ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Шилдэг технологи нэвтрүүлсэн барилга байгууламж” номинацийн эзнээр С.Ганбаатар захиралтай “Долоон болдог” ХХК
– Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төв, Дэлгэрхаан сумын сургуулийн барилгыг гэрээт хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр засварлан үйлчлүүлэгчийн тав тухтай нөхцөл байдлыг бүрдүүлж, барилгын насжилтыг уртасган ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Шиллэг сэргээн зассан барилга” номинацийн эзнээр Ж.Адьяабазар захиралтай “Дөрвөн Лхагва” ХХК
– Борнуур сумын Шавартайн голын төмөрбетон гүүр, Зуунмод сумын 0.4 км авто зам, 16.2 урт метр төмөр бетонон гүүрийг барьж байгуулан ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Автозамын шилдэг бүтээн байгуулалт” номинацийн эзнээр Л.Эрдэнэбаатар захиралтай “ЗЗБ” ХХК
– Батсүмбэр суманд 160 ортой дотуур байрны барилгыг барьж ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Нийгмийн салбарын шилдэгш барилга байгууламж” номинацийн эзнээр Н.Лхагвадорж захиралтай “Баян Дөрвөлж” ХХК
– Аргалант сумын ЗДТГ-ын конторын барилга, Угтаалцайдам сумын 100 ортой дотуур байрны барилгыг гэрээт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Шилдэг барилга байгууламж” номинацийн эзнээр Б.Базар-Адьяа захиралтай “Тэнгэрийн Долоон од”ХХК
– Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын барилгыг Зуунмод суманд барьж ашиглалтад оруулсан үзүүлэлтээр “Шилдэг архитектур дизайн бүхий барилга байгууламж” номинацийн эзнээр Бригадын генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын хамт олон
– “Шилдэг төсөл санаачлагч” номинацийн эзнээр Ц.Жамбалсүрэн захиралтай Төв чандмань ДЭХГ-ын хамт олон тус тус шалгарлаа.