ЭРДЭНЭСАНТ СУМ ҮР ТАРИАНЫ ХУРААН АВСАН НИЙТ УРГАЦААР АЙМАГТАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Төв аймгийн Эрдэнэсант сумын үе үеийн тариаланчид, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 1937 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Эрдэнэсант суманд өвс хадах 7 морин машин бүхий морин станц байгуулагдсанаар орчин үеийн механикжсан газар тариалангийн үйлдвэрлэл үүсч улмаар 1959 оноос МААМС /мал аж ахуйн машинт станц/ болон өргөжин тэлж 30-аад ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1969 онд МАА-н тэжээлийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор МАХН-ын Төв хорооны бүгд хурлын шийдвэрийн дагуу Эрдэнэсант сумын МААМС-ыг түшиглэн Тэжээлийн аж ахуйг байгуулсан түүхтэй. Тус Тэжээлийн аж ахуй нь Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Өнжүүл, Заамар сумдын ХАА-н нэгдлүүдэд үйлчлэх үүрэг хүлээсэн томоохон аж ахуй байв. Эрдэнэсант сумын ТАА нь 1969-1993 оны хооронд ажиллах хугацаанд “Цагаант тэмээт”, “Усан хэрэмт”-ийн бригадууд /1973, 1983, 1985/ гурван удаагийн Улсын аварга, “Талын баян” –ийн бригад /1966, 1973, 1975, 1976, 1988/ таван удаагийн улсын аваргаар шалгарч, ЗХУ-ын Элчин сайдын яамнаас зарласан социалист уралдааны болзлыг гурван жил дараалан биелүүлж, 1983 онд Элчин сайдын яамны шилжин явах тугийг үүрд хадгалах эрхийн эзэд болж байжээ. Атар газар эзэмших I, II аяны хүрээнд Эрдэнэсант сумын ТАА-н хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар Т.Лувсанцэрэн, МУ-н гавьяат агрономич А.Бадарчин, Ж.Сүрэнхорлоо зэрэг олон алдартан гавьяатнууд төрөн гарчээ.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн үет Эрдэнэсант сумын ТАА хувьчлагдаж, түүний суурин дээр “Буянт төв” ХХК, “Хоргохайрхан” ХХК байгуулагдсан бөгөөд өдгөө тус суманд 17 аж ахуй нэгж, 20 иргэн 22.747 га эргэлтийн талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ онд 12.612 га-д үр тариа, 12 га-д төмс, 15 га-д хүнсний ногоо, 280 га-д ногоон тэжээл тариалж, 21.302 тонн үр тариа, 242 тонн төмс, 324 тонн хүнсний ногоо, 2650 тонн ногоон тэжээл хураан авч, 13.500 га-д уринш боловсруулалт хийсэн байна. Монгол улсан Засгийн газраас Атрын III аяныг зарласнаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл дахин сэргэж, Эрдэнэсант сумаас “Улсын аварга тариаланч хамт олон” 2, “Аймгийн аварга тариаланч хамт олон” 4, “Улсын аварга тариаланч” 1 төрөн гарчээ. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж 21.3 мянган тонн үр тариа хураан авч аймагтаа тэргүүн байр, га-с 18.4 цн хураан авч хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн хүрээнд тус сумын ИТХ, ЗДТГазраас “Атар-60” баярын хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, энэ үеэр газар тариалангийн салбарын төлөө хөлс хүч хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа үе үеийн тариаланчиддаа хүндэтгэл үзүүлж, Төрийн дээд шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагнал, салбарын болон ойн медалиар шагнасан юм.