АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өнөөдөр Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Лауренцию Христеа болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих SECiM2 төсөл”-ийн хэрэгжилт, гарч байгаа үр дүнгийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм. НҮБ -ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа Европын холбооны санхүүжилттэй ‘‘Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM C2) төсөл нь Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ гэсэн Зургаан аймаг болон Улаанбаатар хотын хэмжээнд мах, сүү, хүнсний ногооны өртгийн сүлжээг хөгжүүлж зах зээлд холбон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулан техникийн туслалцаа, сургалт, тоног төхөөрөмжийн дэмжлэгүүдийг үзүүлдэг гэдгээрээ онцлогтой.

Төв аймгийн хувьд Сүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Эрдэнэ, Баяндэлгэр, Угтаалцайдам, Батсүмбэр зэрэг есөн сумын 176 иргэн, аж ахуй нэгж, хоршоод уг төсөлд хамрагдаж өтргийн сүлжээгээ хөгжүүлж, техникийн туслалцаа, сургалтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг авчээ. Мөн мах, сүү, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хүрээнд 13 суманд 44 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 1245 аж ахуйн нэгж, иргэн, хоршооны гишүүдийг үйлдвэрлэлийн анхан шатнаас боловсруулах үйлдвэрлэл хүртэлх технологийн арга зүйд суралцахад томоохон дэмжлэг үзүүлсэн бөгөөд эдгээр сургалтын үр дүнд мах, сүү, ногооны чиглэлээр нийт 208.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Уг төсөл хэрэгжсэнээр хувийн хэвшлийн өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлж, гадаад болон дотоод зах зээлд чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, ажиллах хүчний ур чадварыг сайжруулж зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчин бүрдэх юм.